babycare

ЭЭЖ ААВ НАРАА ХАМТДАА ХҮҮХДҮҮДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЦГЭЕ

Хөхөөр бойжуулахын ашиг тус

2014-08-01 15:34

Хөхөөр бойжуулахын ашиг тус

Эхийн сүү шинэ төрсөн хүүхдэд хамгийн сайн тэжээл эргэлзээгүй мөн. Харамсалтай нь зарим эх хөхний хагалгаа гэх мэт шалтгаанаас хүүхдээ хөхөөр тэжээх чадваргүй болдог. Мөн өөр янз бүрийн байдлаас хүүхдээ хөхүүлэхийг хүсдэггүй эхчүүд байдаг. Энэ тохиолдолд эмч, асрагчийн тусламжтайгаар эхийн сүүгээр тэжээх асуудлыг зохицуулж болох талтай. Эхчүүд хүүхдээ юугаар яаж тэжээх нь өөрсдийнх нь сонголт боловч, маш сайн бодсны эцэст шийдвэрээ гаргах ёстой.

Эхийн сүү яагаад хамгийн сайн нь бэ?

*Эхээс дөнгөж төрсөн хүүхэд хаана сурсан юм бэ гэмээр, зөвхөн эхийнхээ мөөмийг л яаж хөхөхийгөө сайн мэддэг. Түүнд үүнээс өөр юу ч хэрэггүй. Хөхнө, залгина, хахаж цацна, цадна.

*Байгалийн жам өөрөө сүүг нь хэзээ, хаанаас, хэр зэрэг температуртай өгөхөө нарийн тогтоож чадсан.

*Хүүхдэд хэрэгтэй бүхий л эрдэс тэжээлүүд зөв хэмжээгээрээ агуулагддаг.

*Хүүхдэд хамгийн шингэц сайтай тэжээл

*Хүүхдийн гэдэс өвдөх. өтгөн хатах асуудалтай тулгарахгүй.

*Өвчин эсэргүүцэх чадвартай маш чухал дархлааны эсүүд байдаг.

*Дархлааны эсүүд нь хүүхдийг нярай үед янз бүрийн халдвараас хамгаална.

*Дархлаа сайтай хүүхэд тэр бүр өвчинд нэрвэгдээд байхгүй,.

Хэрэв хүүхдийн удамд хэн нэг нь харшлын гаралтай өвчтэй бол хүүхдээ хөхний сүүгээр хооллох нь зайлшгүй чухал. Энэ тохиолхдолд хүүхэд харшилд бага өртөнө.

Хүүхдийг хамгийн багадаа 6 сар, хэрэв чадвал12 сар хөхүүлэхэд бусад сүүн бүтээгдэхүүнээс үүсч болох харшлаас хамгаалж гэсэн үг. Хүүхдэд илэрч болох харшлуудыг нялх бага байхад нь аль болох хойшлуулж чадвал тэдний харшилтай болох магадлал төдий хэмжээгээр буурна гэсэн үг.

Хөхүүлэх нь зөвхөн хүүхдийг хооллох биш, эх хүүхдийн хувьд маш чухал баярт мөч байдаг. Хүүхдийг хөхүүлэх үед эх хүүхэд хоёр дотно харц, биеийн дулаахан харилцаанд оролцдог.Энэ үед хүүхэд ээжийгээ харж, дуу хоолойг нь сонсож, амьсгалах болон зүрхнийх нь цохилтыг хүртэл мэдэрдэг байна.

Хүүхэд хөхүүлэх нь энгийн хялбар гайхамшигтай нэгэн төрлийн урлаг. Та ус буцалгах, сүү холих, шилээ ариутгах хэрэггүйгээс гадна, сүүнийхээ халуун бүлээн, найрлага нь зөв эсэхэд хэзээ ч санаа зовохгүй байж болно. Таны сүү шөнө дөлөөр ч үргэлж бэлэн.

Хөхний толгой хагарах

Жирэмсэн байхдаа хөхний толгойн дасгал хийгээгүйгээс,эсвэл хүүхдээ хөхүүлэхдээ хөхнийхөө толгойг буруу үмхүүлснээс толгой нь хагарч хөхөхөд эмзэглэлтэй болно.Юу хийх вэ?

Хөхийг ил байлгаж,хуурай байлга.

Хагарсан хэсэгт хөхний сүү болон зориулалтын тос түрх.

Хөхний толгой хамгаалагч хэрэглэ.

Хүүхэд хөхний толгойг бүрэн үмхэж байгаа эсэхийг байнга шалгаж бай.

Хөхний толгой хагарсан үед сүүгээ сааж хөхөө амраа.

Саасан сүүгээ хөргөгчинд хадгалан,хүүхэддээ өгөхдөө бүлээсгэн угжаар өгч болно.

Хөхөнд сүү хэрхэн бий болдог бэ?

Жирэмсний сүүлийн 3 сараас эхлэн хөхөнд сүү боловсорно.

Эхний 1-2 өдөрт хөхнөөс ялгарч байгаа сүүг ангир уураг гэдэг.

Ангир уураг өтгөн шаргал,тослог бага,нүүрс ус,амин дэм,эсрэг биеийг ихээр агуулдаг учир шингэхдээ маш хурдан шинэ төрсөн хүүхдэд гайхалтай зохицно .Төрсний дараа хэд хоногоос хөх чинэрч сүүний хэмжээ ихсэж сүү орно.Сүү нь эхлээд усархаг ,хөхөвтөр өнгөтэй байснаа сүүлдээ шингэрч цагаан өнгөтэй болж,хүүхдийн цангааг тайлахад ч тохиромжтой болно.

Хүүхдээ хэдий чинээ ойр ойрхон хөхүүлнэ төдий чинээ сүү орно.

Сүүтэй байхын тулд та амин дэм,эрдэс бодис,уурагаар баялаг тэжээлэг чанартай хоол хүнс хэрэглэж,ус их уу.

Хүүхдийг хөхөөр хооллох

Та хүүхдэдээ хамгийн дээд зэргийн сайн тэжээлийг өгч байгаа тул төрсний дараа үүсдэг бага зэргийн бэрхшээл болж хөхүүлэхээ зогсоохгүйг хичээх нь дээр.Хэрвээ таны хүлээсэн шиг болохгүй бол сандрах хэрэггүй. Та болон таны хүүхдэд юу шаардлагатайг ойлгоход хугацаа хэрэгтэй.

Хүүхэд хөхүүлэх байрлал

Хүүхэд хөхүүлэхдээ өөртөө эвтэйхэн байрлалыг сонго.Та сандал дээр эгц суугаад хүүхдээ хөндлөн ,цээж рүүгээ шахаж,хөхөндөө зөөлхөн хүргэхээр гартаа барь.Хөхний толгойн хэсгийг уруулаараа бүрэн үмхэж сороход үүсэх мэдрэмж нь ямар нэгэн дарагдсан юмыг чөлөөлж байгаатай адил сэтгэгдэл төрнө.Таны хүүхэд яаж байгаагаас шалтгаалж,өвдөлт мэдрэгдэж болно.Хөхөх үед хүчтэй өвдөлт мэдрэгдэж байвал тусламж хүсэх хэрэгтэй.

Эх сурвалж : www.facebook.com/For little One групп-с авав

Ангилал : 0-6 насны хүүхдийн ерөнхий төлөв | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (51) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл