babycare

ЭЭЖ ААВ НАРАА ХАМТДАА ХҮҮХДҮҮДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЦГЭЕ

Нярай үедээ төмрийн дутагдалд орсон хүүхдийн тархины хөгжил удааширдаг

2014-05-30 19:41

Нярай үедээ төмрийн дутагдалд орсон хүүхдийн тархины хөгжил удааширдаг

Нярай үедээ төмрийн дутагдалд орсон хүүхдийн тархины хөгжил удааширдаг бөгөөд ирээдүйд сурлага, сурах идэвх чармайлтанд нь сөргөөр нөлөөлдөг хэмээн мэргэжлийн эмч нар анхааруулж, хүүхдийг төмрөөр баялаг хүнсээр зөв зохистой хооллохыг зөвлөж байна.

Төмрийн дутагдал нь хүүхдийн тархины болон бие махбодийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Хүүхдэд төмөр дутагдсан тохиолдолд зохих эмчилгээг оройтуулбал үр дагавар нь насан туршид нь нөхөж баршгүй аюултай байж болзошгүй бөгөөд нярай хүүхдийн ялангуяа 1 нас хүртэлх хугацаанд нь төмрөөр баялаг хоолны дэглэмийг сахиулах нь чухал байдаг ажээ. Жишээ нь:

“Хамгийн ихээр 6-36 сартай хүүхдэд илэрдэг төмрийн дутагдал нь хөхүүл насны хүүхдийн бие махбодь, тархины хөгжлийг удаашруулж, нийгмийн хөгжилд нь доголдол үүсгэдэг байна. Төмрийн дутагдлаас үүдэн хүүхдийн тархины хөгжил удааширдаг байхад үүнтэй холбоотой зохих эмчилгээг хүүхдийг “эрчимтэй хөгжиж байгаа үед” нь хийхгүй бол дараа нь үр дүн багатай, тэр ч бүү хэл нөхөн сэргээх боломжгүй болдог нь харамсалтай.

Ялангуяа хүүхдийн эрчимтэй өсөж торниж байдаг 0 – 3 насанд төмрөөр баялаг хоол хүнсийг идүүлэх нь хүүхдийн биеийн болон тархины хөгжлийн үүднээс амин чухал ач холбогдолтой байдаг. Хүүхдийн тархины болон танин мэдэхүйн хөгжил нь тухайн хүүхдийн хооллолттой шууд холбоотой байдаг байна. Учир нь тархи бол төмрийн дутагдалд амархан ордог хүний биеийн хамгийн эмзэг хэсэг юм.

Төрснөөс хойших эхний 6 сард хамгийн чухал хоол хүнс бол эхийн сүү юм. Эхэд хуримтлагдсан төмөр хүүхдэд эхийн сүүгээр дамжин хүрч, эхний 6 сардаа хүүхэд төмрөөр дутагддаггүй гэж хэлж болно. Гэвч хүүхдийг 6 сартайгаас хойш эхийн сүү хүрэлцэхгүй бол хүүхдэд төмрөөр баялаг хоол хүнсийг нэмэлтээр (мах, өндөг, шош, вандуй гэх мэт) өгч болно. Цагаан будааны гурил, жигнэмэг, талх гэх мэт хүүхдэд жин нэмэхээс өөр онцын үр дүнгүй хоол хүнснээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Төмрийн агууламж багатай учраас хүүхдэд 1 нас хүрэхээс өмнө үнээний сүүг уулгахгүй байхыг зөвлөдөг.

Бага насандаа төмрийн дутагдалд орсон хүүхэд, өсвөр насандаа буюу 11-14 насандаа сурах хүсэл, тэмүүлэл багатай байдаг. 2 нас хүртэлх үедээ төмрийн дутагдал орсон хүүхдийн тархины болон бие махбодийн хөгжил нь удаан байдаг. Дараа нь төмрийн бэлдмэлийг нэмж уусан ч, үүнийг нөхөх бараг боломжгүй.

Төмрөөр баялаг хооллолт зайлшгүй хэрэгтэй

АНУ-ын Хүүхдийн Академийн Зөвлөл, бага насны хүүхдийг 9-12 сартайд нь, харин дутуу төрсөн хүүхдийг 6 сартайгаас нь эхлэн төмрийн дутагдлын эсрэг эмнэлгийн аргаар оношлох хэрэгтэй гэж үздэг. Хөхүүл насны хүүхдийн төмрийн дутагдлыг хоол хүнсээр нь дамжуулан нөхөөгүй тохиолдолд “Төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт” амархан үүсдэг байна.

Нярай хүүхдийг 6 сараас удаан хугацаагаар “дан ганц” эхийн сүүгээр хооллох юмуу, төмрийн агууламж багатай хоол хүнсийг хэрэглүүлэхэд төмрийн дутагдалд амархан ордог байна. Үүний зэрэгцээ үнээний сүүний оролцоотой хооллолтын хувьд үнээний сүү өөрөө төмөр багатай, мөн төмрийн шимэгдлийг багасгадаг учир төмрийн дутагдалд оруулахад гол үүргийг гүйцэтгэдэг байна.

www.eejbolloo.mn - с авав

Ангилал : 0-6 насны хүүхдийн ерөнхий төлөв | Нийтэлсэн : Хуугий | Уншсан (95) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл