babycare

ЭЭЖ ААВ НАРАА ХАМТДАА ХҮҮХДҮҮДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЦГЭЕ

Түүх

Бичлэгийн тоо : 3 | Дэлгэцэнд : 1-3

Түүх

2013-05-08 12:27:45

Хубилай сэцэн Хаан /1215-1294/  

 

       Хубилай сэцэнХаан бол Хиад ясны Боржигон овогтон бөгөөд Тулуйн 4р хөвгүүн болой.1215 онд Сорхагтани Бэхи хатнаас төржээ.Мөнх хан,Үлэх хан, Ариг бөх нартай эх нэгтэй.1259 онд Мөнх хан насан эцэслэжээ.1260 оны 3 сарын 1ны өдөр Хубилай Кайпинд их хуралдайг зарлан хийлгэсэн байна.Чингис хааны хүүхдүүд дүү нарын ач үр нэлээд олон хүмүүс хүрэлцэн ирж Хубулайг хаанд өргөмжилсэн байв.Гэтэл 1260 оны 4р сард Хархорумын баруун дахь Алтан Хоргын хөвөөнөө Аригбөх Монгол хаант улсын их хаан сонгох их хуралдайг хуралдуулав.Энэ удаагийн хуралдай дээр Алтан ордын хан улсын эзэн Балгай, Цагадайн хан улсын эзэн Булагай хмйгээд Өгөдэйн хойч үеийн бага залуу ноёд жич Мөнх хааны хөвгүүний дэмжлэгтэйгээр Аригбөхийг Монголын хант улсын тавдугаар үеийн их хаанаар сонгожээ.Ийнхүү Монголын Их гүрэнд агшин зуур 2 хаан гарч ирсэн болохоор удалгүй тэр 2 хооронд зэвсэгт тэмцэл өрнөжээ.

      Аригбөх Хубилайн эсрэг удаа дараа довтолсон боловч амжилт олоогүй тул арга буюу 1264 онд бууж өгчээ.Хубулай хан дүү Аригбөхийн бослогийг ларсны дараа өмнөд Сүн улсыг байлдан эхлэв.Мөн гадна зүүн зүг Япон, зүүн өмнө зүг Вьетнам зэрэг бусад олон улсыг эрх сүрдээ оруулан авахын төлөө асар их хэмжээний аян дайн хийсэн байна.

      1265-1271 оны хооронд Хубилай хаан Японд хэд хэдэн удаа элч илгээж Монголын харьят болохыг шаардаж байжээ.Япон улсын эрх баригчид хүлээн авахгүйгээр үл барам элч нарыг хөөн явуулжээ.Хубилай хаан ихэд хилэгнэж Солнгосын хойгт 900 хөлөг онгоц үйлдэж, түм таван мянган усан цэрэг хийгээд түм гаруй хуурай замын цэргийг суулгаж анх удаа Японыг дайлаар мордуулав.Энэхүү цэрэг номхон далайг туулаад 1274онд Японы Киусиу аралд гарч чадсан боловч зэв сум нь барагдсаны дээр догшин салхитай тааралдаж түүнд олонх нь өртөөд цөөхөн хэд нь нутагтаа буцаж ирсэн байна.1281 онд Хубилай хаан 14 түм Монгол,Хятад цэргийг дайчилж 4500 том хөлөг онгоцонд суулгаж дахин Японыг байлдуулахаар явуулав.Их цэрэг Японы баруун хязгаарын Бинху арал дээр гарч чадсан боловч бас л далайн шуургатай тохиолдож, онгоцныхоо ихэнхийг далайд живүүлэв.Удардагч ноён нь ялагдаад дутаан харьж, цэргүүд нь онгоцгүй хоцорсон тул Япончуудад хядагдав.Хубтлай хаан Японыг хэдий эрхэндээ оруулж чадаагүй ч зүүн өмнөд азийн зарим нутагт цөмрөн ороод амжилт олжээ.

      1288 онд хубилай хаан 9 түмэн цэргийг Тогоонд өгч Вьетнамыг байлдуулсан Монгол цэрэг удаан хугацаагаар хоол хүнсээр гачигдан, халуун орны бүгчим агаар амьсгалд тэсэхгүй өдий төдийгөөр өвчлөн үхэж байсан боловч улсын эзнийг буулган авч, жил бүр алба бариулах болов.1275 онд Хубилай хаан Бирм улсыг эзлэхээр цэрэг илгээсэн боловч буулган авч чадаагүй тул 1287 онд Монголын цэрэг Бирм рууу дахин довтолж 1293 онд буулган авчээ.1293 онд Хубилай хаан 2 түмэн цэргийг 1000 онгоцонд суулган Ява аралд гаргасанд тус улсын ван бууж өгөв.мөн мали хойг /Малиан улс болно/ дээрх бага улс өмнө Энэтхэг, жич Цейлоны дээд хан цөм бууж өгөв.Хубилай хан, бүх Хятад болон зүүн өмнөд Азийн ихэнх улсыг эрхшээлдээ оруулан аваад 1294 онд өвчнөөр нас баржээ.80 настай байсан бөлгөө.Их сууринд 35 жил суув.Шарилыг нь умар зүг буцааж Чингис хааны шарилын дэргэд онголсон.Хубилай хааны төв, орон нутгийн засаг захиргааны байгуулгийг Хятад маягаар зохион байгуулж байжээ.мөн цаасан мөнгө гүйлгээнд оруулж,Түвдийн Пагва ламыг урьж “ дөрвөлжин” үсгийгпагва лам Түвд,Энэтхэг үсгийн үндсэн дээр Монгол хэлний аялгуунд түшэглэн  зохиов.Гэвч бичихэд хүндрэлтэй тул тэр даруй Уйгаржин монгол бичгийг орлож чадсангүй түүнийг зөвхөн тамгийн бичиг буюу хөшөөний чулууны бичигт л хэрэглэж байв.Хубилай хаан бүх төрлийн шашныг чөлөөтэй шүтэх төрийн бодлого барьж байсан боловч түүн дотроос бурхны шашныг нийт Монголын албан ёсны шашин болгосон байна.

  

Нийтэлсэн : Хуугий | Уншсан (13) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Түүх

2012-11-16 13:11:26

Самара хатан
Самара хатан Хиад аймгийн боржигон овогтон. Эцэг нь Элбэг нигүүлсэгч хаан. Тэрээр Умард Юань улсын 4 үеийн хан байжээ. 1393 онд Элбэг нигүүлсэгч хаан их сууринг залгамжилсны сүүлээр Өлзийт гуа байжийн арганд орж Ойрадын ноён Хуухай Даюуг хилсээр хороожээ. Ийм учир Элбэг нигүүлсэгч хаан Хуухай Даюугийн хүү Батулаг дуудаж: Би эцгийг чинь хилсээр хороов. Одоо чамайг чинсан болгоё. Чи Ойрадын эзэн Үгчи Хашхагийн хамт дөрвөн Ойрадыг захиртугай. гэж зарлиг болов. Тэгээд Элбэг нигүүлсэгч хаан өөрийн их хатнаас төрсөн Самара нэрт гүнжээ хатан болгон өгсөн ажээ. Тэр үед Ойрадын ноён Үгчи Хашха Батула чинсанд атаархаж Элбэг нигүүлсэгч хаанд дургүйлхэж эхлэв. Батула чинсан ч Элбэг нигүүлсэгч хаанаас эцгийнхээ өшөөг авахыг зорьж байв. Тийнхүү 1401 онд Үгчи Хашха, Батула чинсан хоёул хамсаж дөрвөн Ойрадоо дагуулан Монголыг довтлон ялж Элбэг нигүүлсэгч хааныг хороов. Тэгээд Үгчи Хашха, Өлзийт байжийг хатнаа болгон авчээ. Үүний хойхно 1404 онд Аругтай тайж Үгчи Хашхыг цаазалж, Цагадай хаант улсаас Өлзий Төмөрийг залж авчран хаан өргөмжилж өөрөө тайж болоод цэргийн эрхийг атгав. Үүний улмаас Батула чинсан ямар ч эрхгүй болсон тул харъяат цэргээ авч байлдахаар мордоод Өлзий Төмөр хааныг алсан бөгөөд Аругтай тайжийг амьдаар нь баривчлан авчирчээ. Батула чинсангийн хатан Самара, Ойрадад баривчлагдан ирсэн Өлзийт гуа байжий, Ажай тайж эх хөвүүн хоёр ба Аругтай тайж гурвыг төрхмийн газар Монгол улсдаа нууцаар илгээхээр дутаалгаад:
Эзлэн сууж байсан
Эзэн хаан нь үхэв.
Эртний дөрвөн Ойрад
Эх сүүлээ алдав
Энэ үед хэрвээ
Эртхэн дайлахаар ирвэл
Эзэнгүй олон ардыг
Эрх биш дийлж чадна хэмээн захиж байтал хөвгүүн Багум нь
"Учирсан газар муу боловчөөрийн гэр болно
Уг төрхөм сайн боловч хүний газар болно
Ээж та тэгж хэлбэл эцэг тэнгэр таалах үгүй болно" гэв. Гэвч Самара хатан хөвгүүнийхээ үгийг сонссонгүйгээр тэр гурвыг улсдаа буцаав. Өлзийт гуа байжий, Азай тайж, Арутгай тайж гурвууланг хүрэх үед Адай хаан монгол улсыг эзэлж байв. Тийнхүү тэд гурвуулаа Самара гүнжийн үгийг үлдээлгүй хэлсэнд Адай хаан ихэд баярлав. Тэгээд Адай хаан 1410 онд Өлзийт гуа байжийг хатнаа болгон аваад эзний өмнөөс хаан ширээнд сууж Аругтайг тайж өргөмжлөн манлайд явуулаад өөрөө 10 түмэн шилдэг цэргийг авч дөрвөн Ойрадыг байлдахаар мордов.Энэ чимээг Ойрад, Өөлд, Тайчууд, хойт дөрвөн аймаг сонсоод мөн угтан байлдахаар ирэв. Хоёр этгээдийн цэрэг Зэлмэн ханы дэргэдэх "Бор нохойн зуу" гэдэг газарт золгон байлдаад Адай хаан ихэд дийлж Батула чинсанг цавчин алсан бөгөөдхөвгүүн Багумыг нь амьдаар нь баривчлан авчрав. Азай тайж, эх Өлзийт гуа байжийтайгаа уулзаад: Самара гүнж сайн явдал хийснийг бодож энэ хөвгүүнийг тавибал ямар вэ? гэсэнд Өлзийт гуа байжийг дуугарахаас өмнө Аругтай тайж:
"Араатны зулзагыг тэжээж үл болно
Атаатны үрийг өрөвдөж үл болно" гэв. Энэ үгийг Адай хаан зөвшөөрч Багумыг Аругтай тайжид тушаан өгөв. Үүнд Аругтай тайж ихэд баярлаж: "Энэ өдөр чиний эцэг Батула чинсан намайг арган дор хөмөрч "Аругдай" хэмээн доромжлон дуудаж билээ. Эргэх наран ээлжлэн төр эргэснээр одоо би эцгийнх нь өшөөг хүүгээс нь авах цаг болов" гээд Багумыг тогоон дор хөмрөн "Тогоон" хэмээн нэрийдэж гэртээ аваачин боол болгон зарав.

Түүний хойно эх Самара гүнж Адай хааны дэргэд ирээд хөвгүүнээ буцааж аваачихыг гуйсанд Адай хаан зарлиг буулган Тогооныг Ойрадад нь хүргүүлэв. Тогоон тайжыг нас барсны сүүлээр түүний хөвгүүн Эсэн, дөрвөн Ойрадын ноёдтойгоо холбуулж Чингис хааны хойч үе болох Тайсун хаан хийгээд түүний дүү Агбаржи жонон зэрэг Монголын ноёдыг хороогоод өөрөө хаан суув. Тэр тухай Агбаржи жононгийн хүү Харгуцаг дүүрэн тайж өөрийн нөхөдтэйгөө зугтаж гараад Цагадай хаан улсад хүрч алагдав. Харгуцаг Дүүрэн тайжийн хатан Цэцэг нөхрөөсөө бие давхар үлджээ. Цэцэг бол Эсэн тайжийн охин юм. Эсэн тайж охиноо бие давхар үлдсэнийг мэдээд өөрийн бодлоо гүйцэлдүүлэхээр завдав. Охин Цэцэгээс хүү төрвөл амийг егүүтгээд, охиноо өөр хүнд богтлон өгөх санаатай байв. Харин Самара түүнээс өрсөн гучинцар охиноо зугтаалган эсэн мэнд хүүгээ төрүүлтэл олохооргүй газар нуужээ. Залуу эх хүүхдээ амар тайван төрүүлсэнд хүү мэндэлжээ. Түүний ирээдүйг бэлгэдэн Баянмөнх гэдэг нэр хайрлажээ. Бяцхан хүү Баянмөнхийн өвөг эцэг охиноо ямар хүүхэдтэй болсныг яаралтай мэдэхээр эрлийн баг бүрдүүлэн явуулав. Тэр эрлийн хүмүүст: "Хэрэв охин төрсөн бол үсийг нь самна, хүү төрсөн бол голыг нь самна" гэсэн харгис хатуу даалгавар өгчээ. Эрлийнхэн явсаар Цэцэгийн байгаа газрыг мэдэж, олж ирэхэд залуу эх энэ хүмүүс ямар зорилгоор ирснийг сайн мэдэж байлаа. Хүүхдийнх нь хүйсийг шалгана гэдгийг тааварласан бүсгүй, тэднээс айсан дүр үзүүлэлгүй ажиг ч үгүй хүүгийн өлгийг задалж өвөр дээрээ аван, тэдний өөдөөс нь харуулан тосчээ. Гэхдээ эх уруугаа хүүгийнхээ өлгийний даавуугаар халхалж, төмсгийг нь салтаан дор арагш татан эрэгтэй хүүхэд гэж мэдэгдэхгүйгээр дарж байгаад шээлгэжээ. Эрлийн багийн ахлагч түүний хүүхдийг сайн харж Эсэнд "охин байна" гэж дуулгажээ. Цэцэг хатны хүүг нэг нас хүрмэгц Самара гүнж өөрийн ордондоо аваачив. Үүнийг сонсоод Эсэн ихэд хорсон алахаар завдав. Эсэн бас "хүү" гэж гадарлах болжээ. Самара хатан түүнийг хуурахын тулд нэгэн зарцын нялх охинтой хамт байлгах болжээ. Хатан эх Самарыг гэрт эрлийн багийн ахлагч ирэхэд хатны өргөөнд байсан нөгөө охин хүүхдийг үзээлэхэд тэрээр нүцгэлж бэлэг эрхтнийг нь сайтар шалгав. Тэгээд Эсэнд "Та яах аргагүй зээ охинтой болсон байна" гэжээ. Гэвч нууц задарч болсон явдлыг шивэр авир ярилцах болжээ. Нэгэн удаа эл хүмүүс бас л ирэв. Хатан нялх хүүгээ хөмөрсөн тогоон дор нууж, дээр нь аргал асган аргалжээ. Гурван жилийн турш Самара хатан бяцхан хүүг нууж, далдалж, хамгаалж халхалсан бөгөөд энэ маягаар хичнээн арга ухаан заль мэх хэрэглээд цаашид удаан үргэлжлэх боломжгүй болсныг ойлгойжээ. Самара хатан Их хааны удмыг залгаж төрсөн гурван настай жаахан хүүгээ өөрийн ач хүү Эсэнгийн захирдаг газраас оргуулан зайлуулж Үнэнч сэтгэлт монголчуудын ивээлд өгөхөөр шийдсэн нь түүний өөрийн овог угсаа, улс үндэстнийхээ төлөө хийж чадах хамгийн сүүлчийн гавъяат үйлс байв. Зорилго нь тун хэцүү бөгөөд аюултай байлаа. Монголд хүүг ямар хувь заяа хүлээж байгаа нь тодорхойгүй байв. Хүүг монголд хүргэх итгэлтэй сайн хүмүүсээр баг бүрдүүлж чадав. Энэ багт Өгөдэй баатар, Хорчины Болой тайж, Сартуулын Баяндай мэргэн, Хохирадын Эсэлэй нар байв. Багийнха өдрийн сайныг товлож хүүг аван мордлоо. Эсэн энэ тухай сонсоод ихэд уурласан боловч нөгөө тадлаар Самара хатны гарсан завшааныг ашиглан түүнийг өөрийн гартаа оруулах боломж гарлаа хэмээн баярлажээ. Эсэн бас нэг баг бүрдүүлэн хойноос нь нэхүүлжээ. Тэд балчир хүүг авч яваа морьтонгуудыг хөөн гүйцэж хүүг булаалдан харвалдав. Эсэнгийн хүмүүсээс хүүг нуухын тулд өлгий ор хийж дотор нь хүүг маш сайн уяад нуужээ. Хүүг олж авчирсан хүмүүст өндөр шагнал амласан учир эрэлд олон хүн оролцсон байна. Эрлийхэн бүхий л газрыг самнан эрсээр хүүгийн байгаа газрыг олохын даваан дээр Самара хатны талын хүмүүсийн нэг тэднээс өрсөн тэр зүг давхив. Эсэнгийхэн ч араас нь давхилдаж, түүнд мориноосоо бууж хүүг авах завдал өгөхгүйгээр тун ойрхон нэхэж ирэв. Одоо зөвхөн хүүгийн нуусан газрын дэргэдүүр мориныхоо хар хурдаар давхин өнгөрөхдөө явдал дундаа бөхийж хүүг өлгийнөөс нь нумныхаа үзүүрээр гогдон авах боломж л үлдээд байлаа. Нумны үзүүр өлгийд хүрч гогдоход өлгийг агаарт өргөж мориныхоо давхих чигт эгц урагш хөөргөн шидэв. Тэгмэгц өлгий газарт унахын алдад аврагч эр гавшгай нь аргагүй тосч барьж аваад хурдаа огт саалгүйгээр Эсэнгийн хүмүүсээс хол тасран давхин оджээ. Хүүг оргуулсан хүмүүс олон хоног аялсны эцэст Самара хатанг хүндэтгэн итгэж явдаг нэгэн сайхан сэтгэлт айлд хүүг даатган өгчээ. Самара хатан энэ тэмцэлд ялсан бөгөөд хожмын нэгэн өдөр агуу их үйлсийн эхлэл болно хэмээн зөн совингоороо итгэсээр энэ явдлаас хойш их удалгүй наян насандаа тэнгэрт хальжээ. Баянмөнх бол 14-16 зууны Монголын их хаан Батмөнхийн эцэг билээ. Самара хатан бол Монголын түүхнээ алдар цуутай Эсэний эмэг эх бөгөөд Батмөнх даян хааны эцэг Баянмөнхийг аварсан гавъяат хүн юм. Монголын түүхэнд маш их гавъятай хатан билээ.
 
Эх сурвалж : Facebook.Номонд дурлагсад групп.Эрдэнэхорлоо
Нийтэлсэн : Хуугий | Уншсан (88) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Түүх

2012-08-28 11:55:53

Гайхуту хан

 Гайхату бол Хиад ясны Боржигон овогтон бөгөөд Авага ханы татар хатан Ногтунаас төрсөн болой.1284 онд Аргун, Ил хан улсын дөрөвдүгээр үеийн хан өргөмжлөгдсөний дараа Гайхатыг Ромын ноёноор өргөмжилжээ.
    1291 онд Аргун хан нас барсны хойно хэсэг хүмүүс Байдуг хан өргөмжлөхөөр зэхэж байв.Нөгөө хэсэг хүмүүс Гайхатыг өргөмжлөх санаатай байв.Иймэрхүү байдал дор түр төрийг засаж байсан Үлэх хатны санал Гайхатын зүг хэлбийсэн болохоор бусад сайд түшмэл ч аялдан дагаад 1291оны 07сарын 22ны өдөр түүнийг Ил хан улсын долдугаар үеийн ханаар өргөмжилжээ.1294 оны 09 сарын 12 ны өдөр Гайхуту хан урьдаар табрицад цаасан зоос тарааж, хэн хүн хэрэглэхгүй бол үхэх ялаар шийтгэнэ хэмээн тунхаглажээ.Гайхату хан ер нь өглөг өгч, бүрэлгэн сүйтгэх дуртай мөртөө өнгө дарсанд шунасан хүн болохоор төрийн хэргийг Садурдинд өгч өөрөө өдөржин шөнөжин жарган цэнгэдэг байлаа.Садурдин үүнээс хойш өөрөө ханд айлтгалгүйгээр их дур мэдэн олон газрын гааль татвар хуурагчдыг сольсон бөгөөд Гайхуту ханыг бүрэлгэн сүйтгэх ихдэж , Садурдин чансангийн цөлмөх залгих хэтэрснээс алт мөнгө ховордон, улсын сан хоосорчээ.
     Ард иргэд үхэхээс эмээн анхны хэдэн өдөр цаасан зоосыг идэвхтэй хэрэглэж байлаа.Гэвч удсангүй зах зээл хоосорч, хотын дотор идэж уух юм олдохгүй болсон болохоор өлсөж өлбөрчөн хүсүүс ийш тийш нүүдэллэн явах буюу ойр орчмын ой шугуйд ороод үрэл жимс түүж идэн амьдрах болов.
    Нэг өдөр Гайхуту хан хотын дундуур өнгөрөн гарахад зах зээл хов хоосо байсан болохоор ихэд гайхан учрыг асуухад чансан Садурдин : “Энэ өдөр нэгэнэ их ноённас барсан тул их хотын тргэд цөм гэртээ гашуудаж байна” хэмээн худал хэлсэн байна. Гайхуту хан ч итгэсэн байна.Энэ үед ард ирэгэд бослого гаргахыг бодож эхэлсэн бөгөөд цэргийн хүмүүс ч дэмжиж эхэлжээ.Түүнчлэн чансан Садурдин хийгээд түүний шадар дотно хүмүүс нэн хорсох болж шөнө дөлөөр бүслэн аваад баривчлан алах гэсэнд арын хаалгаараа санв мэнд дугтаав.
     Мусланчууд Гайхуту ханы ордонд очиж олон сайд түшмэдтэй зөвөлдөн цаасан зоос хэрглэхийг зогсоож, алт мөнгө амуу будаа худалдан авхуулах болсонд ард иргэд ихэд баярлажээ.Цаасан зоос хэрэглэсэн хоёр сарын дотор зах зээл хоосорч арилжаа наймаа зогсоод, Ил хан улсын хот хөдөө өөд руу явах хүмүүсийн тоо маш цөөрөв.Мөн цаасан зоос хадгалах сан хөмхщрөг байгуулах, тэнд ажиллах хүмүүсийн цалин зэрэгт таван лан мөнгө зарцуулсан байв.
    1294 оны 4 сарын 16 нд Байду Гайхату хан лугаа уулзав.Тэр хоёр нийлэн суух зуур Гайхату хан архинд согтож шадар бараа бологсдоороо Байдуг жанчуулав.Маргааш өглөө Гайхату ханы архи гарч болсон явдалд ихэд гэмшиж, Байдуг дахин урьж ирээд, өөрийн буруугаа мэдэн малгайгаа өгчээ. Байду хэдийгээр ичгүүрийг тэсвэрлэн, аярхаг салсан боловч Гайхатуг хорсон занах болов.Улмаар Байду Гайхату хоёрын зөрчил туйлдаа хүрчээ.
     Тус жилдээ Гайхату ханы олон ноёд түшмэд Байдуд дагаар очсон бөгөөд Гайхату ханыг баривчлан аваад 1295оны 03 сарын 24ний өдөр цавчин алсан юм. Гайхату хан бол Өгөдэй хаанаас хойш хамгийн их өглөг өгөх дуртай хан болой.Олон хатаддаа удаа бүр 30 түмэн лан мөнгийг хишиг хүртээж байсан бөгөөд хаьяат улсынхаа хаад ноёдын бэлэг сэлтийг үзэх ч үгүйгээр ордны дотрох олон хүмүүстээ түгээн өгдөг байжээ.иймээс түүний дөрвөн жил хан суух хугацаанд улсын сан хөмрөг нь нимгэрэн хоосорсон ажгуу
 
Эх сурвалж : Инфо ТВ сэтгүүл / Хаадын түүх ном , Зохиогч : Ш.Нарантуяа, Ш.Сүхбат /
Нийтэлсэн : Хуугий | Уншсан (2) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй